(+976) - 75772727
(+976) - 75772727
ErdemNet - Mongolian NREN > Бидний тухай

Эрдэмнэт

Монголын боловсрол, шинжлэх ухааны сүлжээ

Аливаа улс өөр өөрийн Интернэтэд суурилсан “Боловсрол, шинжлэх ухааны сүлжээ  (англиар тогтсон нэршил нь NREN буюу National Research and Education Network)” – тэй байдаг бөгөөд үүнийг боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх бодлогын хүрээнд тус  улсын засгийн газар дэмжиж, авч явдаг.

Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1998 оны 278, 1999 оны 96, 2000 оны 77 тоот  тушаалуудаар үндэсний төрөлжсөн сүлжээ байгуулах эрх зүйн үндэс тавигдсан. Эдгээр  шийдвэрийн дагуу АХБ-ы санхүүжилттэй “Боловсролын хөгжлийн хөтөлбөр 2” төслийн  хүрээнд томоохон их сургуулиудыг холбосон “Академик сүлжээ байгуулах” дэд төсөл  хэрэгжиж Монголын боловсрол, шинжлэх ухааны сүлжээ (оноосон нэр нь “Эрдэмнэт”)  2000 онд байгуулагдсан.

Энэ сүлжээний техникийн эхний шийдэл нь АНУ-ын номхон далай дээрх Agila-2 хиймэл  дагуулаар Интернэтийн урсгалыг авч, их сургуулиудад саадгүй, өндөрлөг цэгээс радио  долгионоор хүргэх явдал байв. Сүлжээг олон улсын нийтлэг жишгээр ШУТИС-ийн нэг  нэгж байдлаар байгуулсан. Үүнийг нэгд, техникийн шийдлийн хувьд КТМС-ийн байршил  илүү тохирсон, хоёрт, Японы ЖАЙКА байгууллага “Дотоод сүлжээ байгуулж, инженер  техникийн ажилтны бэлтгэх”, Датаком компани АНУ-ын ШУ-ы сангийн “Их сургуулиудыг  Интернэтэд радиогоор холбох” төслүүдийг ШУТИС-д хэрэгжүүлж, инженер техникийн  ажилтныг сургасан, гуравт, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр КТМС-д сүлжээний технологийн  Cisco академийн салбарыг байгуулсан зэргээр тайлбарлаж болно.

Эрдэмнэт сүлжээг ШУТИС дээр байгуулсан боловч үйл ажиллагааны хувьд бие даасан,  өөрийн ТУЗ-тай, Монголын интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдийн ТББ-ын нэг гишүүн  (гэхдээ цорын ганц ашгийн бус) байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг  байлаа.

Сүлжээ нь хөгжлийн явцад илүү хямд, хурдтай, найдвартай шилэн кабелийн технологид  шилжиж, Улаанбаатар хотод өөрийн дэд бүтэцтэй болсон бөгөөд Интернэтийн урсгалыг  бөөнөөр нийлүүлэх “А” лицензтэй байгууллагаас авч, жижиглэнгийн “Б” лицензээр  хэрэглэгчдэд хүргэдэг болсон.

БШУЯ-д хэрэгжсэн Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий  боловсролын сургуулиудыг интернэтэд холбох “Шинэ зууны боловсрол” төслийн үр дүнд  Эрдэмнэт сүлжээний хамрах хүрээ Улаанбаатар хотын хэмжээнээс хальж, бүх аймаг,  сумдыг хамарсан жинхэнэ үндэсний NREN сүлжээ болж хөгжлөө.

Эрдэмнэт сүлжээ нь нэгэнт улс орныг хамарсан үндэсний сүлжээ болсон тул Монгол  Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 онд ШУТИС-ийн харьяаллаас гаргаж, БСШУ-ы  яамны дэргэдэх “Мэдээлэл, технологийн төв” ТӨҮГ-ын нэг хэсэг болгон өргөжүүлж,  салбарын хэмжээний бодлого, хөтөлбөр, төслүүдтэй холбогдсон үйл ажиллагааг  хэрэгжүүлдэг болсон.

mn