(+976) - 75772727
(+976) - 75772727

Олон улсын TEIN сүлжээ

Улс бүрийн үндэсний NREN сүлжээнээс гадна тэдгээрийг нэгтгэсэн бүс нутгийн  боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн сүлжээнүүд байгуулагдаад олон жил амжилттай  хөгжиж байна.

Ийм сүлжээг бүс нутгаар нь нэрлэвэл:

  • INTERNET2 – Хойд америкийн сүлжээ
  • CLARA – Өмнөд америкийн сүлжээ
  • GEANT – Европын сүлжээ
  • TEIN – Ази, номхон далайн сүлжээ
  • CAREN – Төв азийн сүлжээ
  • AfricaConnect – Африкийн сүлжээ г.м.

Бүс нутгийн сүлжээний зорилго нь бизнесээс ангид өндөр хурдны баталгаат чанартай Интернэтийн урсгалаар үндэсний NREN сүлжээнүүдийг хооронд нь шууд холбож, боловсрол, шинжлэх ухааны сүлжээнд суурилсан төслүүдийг бүс нутгийн болон дэлхийг хамарсан глобал орчинд хэрэгжүүлж, боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, судлаачдыг холбох явдал байдаг.
Бүс нутгийн сүлжээнүүдийг байгуулж, хөгжүүлэхэд Европын холбоо ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.
Ази, номхон далайн бүсийн сүлжээг байгуулж, Европын сүлжээтэй холбох санаачилга 2000 онд Сөүл хотод болсон ASEM-ын чуулган дээр гарч, TEIN (Trans Euro Asian Information Network) сүлжээний эхлэл тавигдсан бөгөөд 2001 онд анхны холболт Франц – Солонгосын хооронд хийгдсэн.
TEIN сүлжээг хөгжүүлэхийн тулд ихэнх хөрөнгийг Европын холбоо гаргаж, 2001 – 2016 онуудад TEIN1 – TEIN4 гэсэн цуврал төслүүдийг хэрэгжүүлсэн.

Ази, номхон далайн TEIN сүлжээнд өнөөдөр бүс нутгийн 24 орны 28 NREN сүлжээ, боловсрол, шинжлэх ухааны 15 мянга гаруй байгууллага, 55 сая судлаачид холбогдоод байна.

TEIN СҮЛЖЭЭГ АШИГЛАХ ХҮРЭЭ, ХЭЛБЭР НЬ ШИНЖЛЭХ УХААН, ТАНИН МЭДЭХҮЙГ ДАГААД МАШ ОЛОН ЯНЗ БӨГӨӨД ТОГТСОН ЗАГВАР БАЙХГҮЙ.

Хэрэглээний заримыг дурдвал:

  • Эрүүл мэндийн салбарт зайн оношилгоо, эмчилгээ
  • Хөдөө аж ахуйд хиймэл дагуулын мэдээлэлд суурилсан тандан судлалаар газар  тариалангийн үйлдвэрлэлийг оновчлох, ургацын хэмжээг нэмэгдүүлэх – Тоон хуваагдлаас үүдэлтэй боловсролын чанарын ялгааг арилгахад зайн  сургалтын дэвшилтэд технологийг ашиглах
  • Цунами, газар хөдлөлт, гал түймэр, хөрсний гулгалт зэрэг байгаль, цаг уурын  гамшигт үзэгдлийг тандан судлах, үр дагаврыг нь үнэлэх
  • Цөмийн шинжилгээ зэрэг өртөг өндөртэй тоног төхөөрөмж шаарддаг судалгааны  их хэмжээний өгөгдлийг өндөр бүтээмжтэй тооцоолох системд боловсруулж, үр  дүнг зайнаас авч ашиглах
  • Эрдэм шинжилгээний томоохон сангуудтай холбогдож, мэдлэг, мэдээллийг  түгээн ашиглах г.м.

Боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн сүлжээ ердийн интернэтийн сүлжээнээс ялгарах онцлог шинж нь юу вэ?
Урдаа цагдаагийн дохиот машины хамгаалалт дор замаа чөлөөлүүлэн давхих даргын машин, эсвэл түргэн тусламж, галын машины хажууд энгийн иргэний машин Улаанбаатарын замаар явахтай адил гээд зүйрлэхэд болно. Энэ сүлжээгээр интернэтийн урсгалын хурдад нөлөөлдөг Facebook, Twitter, Youtube зэрэг нийгмийн сүлжээ, хүмүүс хоорондын цахим шуудан явахгүй, зөвхөн боловсрол, шинжлэх ухааны өгөгдөл явах болно.
TEIN сүлжээний удирдлагыг Сөүл хотноо байрлах TEIN Cooperation Center буюу Хамтын ажиллагааны төв хэрэгжүүлдэг бөгөөд жилдээ 2 удаа гишүүн орнуудын NREN сүлжээнийтөлөөлөл орсон уулзалтыг аль нэг оронд, эсвэл онлайн хэлбэрээр зохион байгуулан үйл ажиллагааны тайлангаа хэлэлцэж, цаашдын ажлаа төлөвлөдөг.
Харин сүлжээний техникийн удирдлага, хяналтыг Хятадын дэлхийд алдартай Цинхуа Их Сургууль авч явдаг.

mn